“ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ҮНЭЛГЭЭ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ҮНЭЛГЭЭ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ТүгээхShare共有する공유하기

Ёс зүйн хорооноос төрийн байгууллагын 2025 оны ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээний дүнг үндэслэн “Төрийн байгууллагын ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээ” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2026.03.20) зохион байгуулж, Ёс зүйн хорооны гишүүд, зарим байгууллагын ажлын албаны дарга нар, Улсын Их Хурлаас удирдлага, бүрэлдэхүүн нь томилогддог байгууллагуудын ёс зүйн дэд хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүд оролцлоо.

Хэлэлцүүлгийг Төрийн албаны зөвлөлийн дарга, Ёс зүйн хорооны гишүүн Л.Цэдэвсүрэн нээж, Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн доктор Ц.Амартөгс “Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилт, анхаарах асуудал” сэдвээр, Ажлын албаны Захиргаа, эрх зүйн хэлтсийн дарга Б.Нарангарав “Байгууллагын ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээний шалгуур үзүүлэлт, арга зүй” сэдвээр, Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ц.Заяхүү “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”, Мэдээлэл дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Батнасан “Ёс зүйн зөрчлийн бүртгэл, хяналтын дэд системийн ашиглалт, эрсдэлийн үнэлгээ” сэдвээр тус тус танилцуулга хийж, Ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатар чиглүүлэв.

Мөн хэлэлцүүлгийн үеэр оролцогчид байгууллагын түвшинд ёс зүй, сахилга хариуцлагыг бэхжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр санал солилцож, туршлага хуваалцсан юм.

Ёс зүйн хорооны гишүүн, Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн дүгнэж оролцогч байгууллагуудад хандан салбар, нэгжийн түвшинд Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомж, Монгол Улсын Их Хурлын 2024 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр” /2024-2030 он/-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, байгууллагын Ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлэхэд томилох эрх бүхий албан тушаалтны зүгээс манлайлж, төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, ил тод, чанартай, хүртээмжтэй үзүүлэхэд анхаарч ажиллахыг анхаарууллаа.  

Ёс зүй сахилга хариуцлагыг үнэлсэн үнэлгээ нь тухай байгууллагын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөлт зохион байгуулалт ямар түвшинд байгааг үнэлсэн. Цаашид ёс зүйн индекс нэвтрүүлнэ. Энэхүү шалгуур нэг үзүүлэлт болно. Ёс зүйн дэд хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэх, сургалтын агуулгад нийцсэн сургалтыг байгууллагын түвшинд зохион байгуулах, удирдлагын болон дэд хорооны бүрэлдэхүүний манлайлал чухал болохыг онцлов.

Хэлэлцүүлэгт Ёс зүйн хорооны гишүүд, зарим байгууллагын ажлын албаны дарга нар, Улсын Их Хурлаас удирдлага, бүрэлдэхүүн нь томилдог байгууллагуудын ёс зүйн дэд хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүд бүхий 50 гаруй албан хаагчид хүрэлцэн ирсэн юм.

ЁС ЗҮЙН ХОРОО